СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10664)

Бурхан минь, Бурхан минь!  Өөрийн өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэлээр миний гуниг зовлонг сарниулж, Өөрийн агуу эрх мэдэл, хүч чадлаар миний сэтгэлийн гасланг тонилгож хайрлаач.  Гай зовлон намайг тал бүрээс нөмөрсөн энэ мөчид би нүүр царайгаа Таны зүг хандуулсан байгааг Та харж байгаа билээ, Бурхан минь.  Хамаг амьтны Эзэн тэнгэр, нүдэнд үзэгдэгч ба үл үзэгдэгч бүхнийг сүүдрээрээ нөмөрсөн Эзэн минь, Таны зүг нүүр царайгаа хандуулахад нь чухам юу ч саад болж чадаагүй тэдгээр хүмүүсийн эгнээнд намайг багтаан оруулахыг хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Таны Алдар нэр, Таны энэрлийн Далайн давалгаа болон Таны буян хишгийн Үүрийн туяаны гайхамшгийг барин би хичээнгүйлэн гуйя, алдар нэрсийн Эзэн тэнгэр, диваажинг Бүтээн цогцлуулагч Та минь ээ. 
Эзэн тэнгэр минь, Таны энэ цаг үед надад тохиосон зүйлсийг Та харж байгаа билээ.  Таны алдар нэрсийн Эх булаг, Таны шинж чанарын Үүрийн гэгээ туяарах цэг болсон Түүний нэрийг барин гуйх минь: Танд үйлчлэхээр эгцлэн босч, Таны буянт чанаруудыг магтан мандуулахад минь туслах бүхнийг надад заяаж хайрлана уу.  Та бол үнэнхүү Хамгаас хүчит, Бүхнээс хүчирхэг бөгөөд бүх хүмүүсийн мөргөл залбиралд хариу өгдөг билээ!
Эцэст нь миний ажил хэргийг адислаж, миний өр төлбөрийг барагдуулж, миний хэрэгцээг хангаж өгөхийг гэрэл туяат дүрийг тань бишрэн Танаас хичээнгүйлэн гуйнам, би.  Таны хүч чадал, эрх хэмжээг хэлтэй амтай бүхэн гэрчилж, Таны сүр хүч, цог жавхланг ойлгон ухаарах зүрх сэтгэлтэй бүхэн хүлээн зөвшөөрсөн билээ.  Бүхнийг сонсож, хариу өгөхөд бэлэн Танаас өөр Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10665)

Бурханаас өөр зовлон зүдүүрийг Арилгагч байна уу?  Бурхан тэнгэр минь бадартугай!  Тэрээр Бурхан билээ!  Бүгд Түүний шадар зарц нар билээ.  Бүгд Түүний зарлигийг дагадаг билээ!

-The Báb
-----------------------

СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10666)

Таны хүч чадлыг бишрэн Танаас сөгдөн гуйя, Бурхан минь!  Сорилт тулгарсан цагт надад зовлон хохирлыг бүү амсуулж, анхаарал болгоомжгүй байх цагт Өөрийн онгодоор алхаа гишгээг минь зөв замаар залж өгнө үү.  Та бол Бурхан бөгөөд хүссэн бүхнээ хийх чадалтай билээ.  Таны Хүсэл тааллыг сөрөх, Таны Зорилгын биелэлтэнд саад болох хэн ч байхгүй.

-The Báb
-----------------------

СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10667)

Эзэн тэнгэр минь!  Та бол зовлон шаналал бүхнийг Зайлуулагч, гай тотгор бүхнийг Замхруулагч билээ.  Та уй гашууныг хөөн сарниулж, боол бүхнийг чөлөөлж, хүн бүрийг Авран тайтгаруулагч билээ.  Эзэн тэнгэр минь!  Өөрийн энэрэл нигүүлслээр намайг чөлөөлж, авралыг олсон Таны шадар зарц нарын эгнээнд намайг багтаан оруулахыг хүсье.

-The Báb
-----------------------

СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10668)

Эзэн минь, Бурхан минь, гутарсан цагт нуугдах Орон минь!  Зовж шаналсан үед хамгаалах Бамбай, хоргодох Нуувч минь!  Хоосорч гачигдсан үед дүрвэх Орогнол газар минь, ганцаардсан цагт Хань минь!  Гансарч гунигласан цагт Тайтгаруулагч, ганцаардалд минь халамжит Анд нөхөр минь!  Миний гашуун зовлонг Сарниулагч, миний гэм нүглийг Өршөөн хэлтрүүлэгч минь! 
Таны тэнгэрлэг эв нэгдлийн энэхүү орчилд Таны хүсэл зоригийг зөрчсөн бүхнээс намайг хамгаалж, ямар ч бузар буртаггүй, толбогүй цэвэр ариун байдлаар Таны гоо жавхлант модны сүүдэр дор суухад надад саад болох бүхий л бузраас ариусгаж өгөхийг хамаг зүрх сэтгэл, ухаан бодол, үг хэлээрээ Танаас хичээнгүйлэн гуйж, зөвхөн Танд бүрнээ найднам, би. 
Ядуу дорой хүнд өршөөл үзүүлж, өвчтнийг анагааж, ундаассан хүний цангааг гаргаж хайрлаач, Эзэн тэнгэр минь! 
Таны хайрын гал бадамласан цээжийг баясгаж, Таны тэнгэрлэг хайр сэтгэлийн галын дөлөөр мөнхүү зүрх сэтгэлийг гэрэлтүүлж хайрлагтун.
Ариун баринтагаар тэнгэрлэг эв нэгдлийн асрыг бүтээж, Өөрийн ивээл өршөөлийн  титмийг тэргүүнд минь өмсүүлж хайрлана уу.
Өөрийн буян хишгийн гэрэлт тойргоор миний царайг гэрэлтүүлж, Өөрийн ариун босгонд үйлчлэн хөдөлмөрлөхөд минь надад хайр ивээлээрээ тусалж хайрлана уу.
Таны бүтээсэн хамаг амьтныг хайрлах хайраар миний сэтгэлийг бялхуулж, Таны нигүүлсэнгүй сэтгэлийн  шинж тэмдэг, Таны энэрэлт сэтгэлийн бэлэг дэмбэрэл, Таны хайрт шавь нарын дунд эв найрамдлыг хөхүүлэгч, Танд үнэнч, Таны алдрыг дурсагч, өөрийгөө мартаж, гагцхүү Таных гэсэн бүхнийг анхаарч явдаг хүн болгож өгөөч намайг.
Бурхан минь, Бурхан минь!  Өөрийн өршөөл, буяны зөөлөн салхиа надаас бүү холдуулж, Өөрийн тусламж, ивээлийн булаг шанднаасаа намайг бүү тусгаарлаач.
Таны аврал, хамгааллын далавчин доорх нөмөрт үүрээ засахыг зөвшөөрч, хамгийг хамгаалагч мэлмийнхээ харцыг над дээр тусгаж хайрлана уу.
Хамаг амьтанд Таны алдар нэрийг шагшин магтаж байг гэж намайг хэлэмгий болгож хайрлана уу.  Ингэснээр агуу чуулга хурлын үеэр дуу хоолойгоо дуурсгаж, амнаас минь Таныг магтах магтууны ундарга ундарч байх болтугай.
Та бол үнэндээ Гоо жавхлант, Алдар гавъяат, Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч нь гарцаагүй мөн билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

СОРИЛТ БЭРХШЭЭЛ (#10669)

Тэрээр Нигүүлсэнгүй, Хамгаас хайр хишигтэн билээ!  Бурхан минь, Бурхан минь!  Та намайг харж байгаа, Та намайг мэдэж байгаа.  Та бол миний Орогнол, миний Хорогдох гэр билээ.  Танаас өөр би юуг ч эрээгүй, Танаас өөр юуг ч эрэхгүй.  Таны хайрын замаас өөр зам руу би гишгээгүй, өөр замаар орох ч үгүй.  Сэтгэл мухардлын харанхуй шөнө Таны хязгааргүй ивээлийн үүрийн туяа өөд би итгэл найдвар дүүрэн харцаа хандуулж, үүрийн гэгээ ирэх цагт Таныхаа үзэсгэлэн, төгс төгөлдөр шинжийг дурссанаар гутарсан сэтгэл маань сэргэж, хүч ордог юм. Таны халамжит ивээлийг хүртсэн хэн боловч өчүүхэн дусал төдий хэрнээ хязгааргүй далай мэт тэнүүн болж, Таны элэгсэг хайрын халамжийг хүртсэн атом чинээ өчүүхэн зүйл ч гэсэн гэрэлт од мэт гийх юм.
Цэвэр ариун Сүнс, Хамгаас буянт тэтгэгч Та Өөрийг тань бишрэх сэтгэлдээ дүрэлзэн ассан энэ шадар зарцаа нөмөр халамжин дороо хамгаална уу.  Ахуйн энэ ертөнцөд Таны хайрд үнэнч тууштай байхад нь тусалж, далавч нь хугарсан энэ шувуухайг хурмастын модон дээр орших Өөрийн тэнгэрлэг үүрэнд орогнуулж хайрла.

-`Abdu'l-Bahá
-----------------------

